2019-11-07

Охиноо их санаж байна шүү!

Зээ, энэ өдрийн эсвэл шөнийн гэгээн сайхан, нартай сартай, инээдтэй хөгжилтэй өдрийн мэндийг хүргэе. Би блог оруулаагүй уджээ. Бараг л 3, 4 жил болох гэж байгаа юм байна. Энэ хугацаанд амьдралд маань олон зүйл болж өнгөрлөө.

Охиноосоо хол бас л 3 жил 2 сар 20 өдөр болж байгаа юм байна. Хүнийг санана гэдэг үнэхээр тэсвэр тэвчээр шаардсан байдаг юм байна. Тэр тусмаа яс махнаас минь тасарсан бяцхан амьтныг бол үгээр хэлж үзгээр зүйрлэхийн аргагүй санаж байна. Сүүлдээ санахаараа зүрх хөндүүрлээд зүрх өвдөнө гэж байдаг юм байна лээ. 😕

Охин маань том болоод, цэцэрлэгтээ олон дуу шүлэг сураад, ангийнхаа найзуудтайгаа гоё байгаа гэхэд нь би ч бас тэд нартай тоглоод хөөрөөд гүйж байгаа юм шиг өмнөөс нь баярладаг шүү. Хүмүүжүүлж байгаа багш нарт нь маш их баярлаж байгаа. Өөрсдөд нь хэлэх гээд ФБ месенжер дээр юм үлдээсэн боловч хариу ирээгүй ээ хэхэ.

Ямар ч завгүй өдрүүдийн төгсгөлд, энгэрээс минь зүүгдсэн үр хүүхэд, өсгөж төрүүлсэн аав ээж, бүх зүйлээ хуваалцдаг дүүгээ юунаас ч илүү санаж, бүхий л зүрх сэтгэл, бодол санаа минь тийшээ тэмүүлж байгааг мэдрэх мэдрэмж. Бусад нь зүгээр л өнгө мөнгө. Яг л энэ зураг шиг...

2016-01-06

Хүүхэд хоол идэхгүй байх ч асуудал шүү!

За блогоо бичээгүй нилээн удаж ээ. Энэ хугацаанд зөндөө л зүйл боллоо. Гэхдээ энд бүгдийг нь нуршаад яахав.

Том сониноос гэвэл, манай охин удахгүй, 20-иод хоногийн дараа 2 нас хүрлээ. Хурдан ч юм. Хүүхэд ч том болоод ч байгаам шиг санагдаал, гоё байнаа.

Гэм нь, охин маань одоо хүртэл хоолондоо муу, идэх дургүй, өгөхөөр бол заавал анхаарлыг нь өөр юманд хандуулж байж өгдөг юм. За тэгээл идэж дуусчихаад үтэр түргэн гүйгээл яваад өгнө шүү дээ. Яахав энэ тэрүүгээр шинэ соргог хоол унд өг гээл янз бүрийн зөвлөгөө байдаг боловч би ажилдаа орцон байгааг ч хэлэх үү, тэр бүр хооллолт дээр нь анхаараад байж чадахгүй юм. Тэгээд нөгөө гүүгл багшаасаа асуулаа л даа.

Багш маань дараах зөвлөгөөг өглөө.

Ер нь бол 2 настай хүүхэд өөрийгөө хооллоод сурдаг юм байна. Бүх зүйлийг хийж чадахгүй ч ам руугаа юу хийх, хийхгүйг мэддэг болчихсон байдаг байх нь. Хэдэн долоо хоногоор нэг төрлийн хоолыг идэж байгаад маргаашаас нь шал өөр төрлийн хүнсийг сонгох нь тийм ч гайхаад байх асуудал биш гэнэ.

Тэгвэл та юу хийх вэ?

Хоол эсвэл эрүүл хооллолтын сонголтыг зааж өгөх эсвэл дэмжих маягаар та зааж өгч болно. Гэхдээ үүнийг хэтрүүлж болохгүй. Юуг хэр их хэмжээгээр идэх нь хүүхдийн чинь мэдэх асуудал гэнэ дээ. Тэгээд хүүхдээ өлгөхгүй гэдэг ээж аавууд хүүхдийн эрх мэрх зөрчвөө, хэхэ.

Хүүхдийнхээ идэхгүй байгаа хоолуудын жагсаалтыг бүртгэж байхаар нэг долоо хоногийн турш идэж байгаа хоол ундных нь жагсаалтыг  гаргасан нь дээр. Учир нь уг жагсаалтыг хараад эцэг эхчүүд хүүхдийнхээ хүнснийхээ балансыг барьж байгааг хараад гайхдаг байна. Мэдээж  хүүхдүүдэд байдаг тэр их энергийг нөхдөг юм байж л байгаа. Тэрийгээ өөрсдөө зохицуулаад л явчихдаг юм байна. Хамгийн гол нь хүүхэд тань хэвийн өсөлттэй, жинтэй байхад хүүхдээ хангалттай хоол идэж чадаж байгаа юм. Бүүр санаа чинь зовоод байгаа бол эмчээсээ зөвлөгөө аваарай.

Ингээд доорх зөвлөгөөнүүдийг оруулж байна:

  1. Эрүүл сонголттой хоолнуудаас хүүхэддээ санал болгож өөрөөр нь сонгуулаарай. Энэ нь хүүхдэд нь өөрийн сонголтыг өөрөө хийж чаддаг болоход нь жаахан ч гэсэн туслана.
  2. Хүүхдээ айлгах эсвэл тохиролцож хэрхэвч болохгүй шүү. "Нэг л хазчих, тэгвэл чихэр авна шүү" (Яанаа, би яг ингэж хэлдэг, үүнийгээ болиноо.), "Энэ лууванг идэхгүй бол гоё юм өгөхгүй шүү" гэх мэтээр харьцах нь хоолыг сонирхолтой болгох биш дайны тэмцэл мэт болгодог. Хэрэв эрүүл хүүхэд өсгөе гэж бодож байгаа бол хоолны цагийг эерэг хандлагатай байлгаж шанд нь чихэрний төрлийн зүйлийг өгч болохгүй юм. 
  3. Аль болох гэр бүлээрээ хооллож байгаарай. Хүүхэд өөрийн ах дүү, ах эгч, эмээ өвөө, гэр бүлийнхнийгээ эрүүл хоол идэж байгааг хараад дагаж дуурайхыг оролддог.
  4. Идэх дургүй зүйлийг нь менюнээсээ хасаж болохгүй шүү. Хүүхдүүд шинэ төрлийн амт, үнэрийг хүлээж авахдаа удаан байдаг учир лууванг анхлан амсаж үзэхдээ амнаасаа гаргаж хаях боловч дхиад долоо хоногийн дараа өгөөд үзээрэй. Тэдний дуртай хүнс болохыг үгүйсгэхгүй. Зарим тохиолдолд, нилээн хэдэн долоо хоногийн турш энэ үйлдлийг давтах болно шүү. Битгий шантраарай. (Нэг жишээ хэлэхэд, манай охин төмс лууванг анх амнаасаа гаргаж хаяад байдаг байсан. Одоо бүүр сайн идэхгүй ч байнгын оролдлогын хүчинд ямар нэг байдлаар идээд байдаг болцон. Заримдаа ч хошгируулж байгаад л өгнө шүү дээ.)
  5. Уух зүйл бас их чухал шүү. Хэтэрхий их сүү, жүүс уух нь хоолны дуршлыг байхгүй болгодог байна. Тиймээс сүүг өгөхдөө хоолны хооронд, харин жүүсийг өгөхдөө өдөрт 3/4-1/2 аяга хүртэл хязгаарлаарай. Нэгээс доош насны хүүхдэд жүүс өгөөд дэмий. Сүү болон 100 хувийн цэвэр шүүс нь амин дэмийг тэтгэдэг боловч хэт их жүүс нь сахар их хэмжээгээр агуулсан байдаг ба эслэг буюу fiber болон бусад амин дэм байдаггүй байна. 
  6. Чихэр болон фаст фүүдээр бяцхан ходоодыг нь битгий дүүргээрэй. Тэр бяцхан бие нь хоосон калори бус эрүүл хооллолтоос хангагдах амин дэмүүд л хэрэгтэй шүү. 


Нэмэлт амин дэм буюу витамины хэрэглээ:

Хэрэв хоолоороо хангалттай илчлэг, тэжээлээ авч байна гэж үзвэл нэмэлт витамин өгөх шаардлагагүй юм. Харин хангалттай мах, загас, төмөртэй хоол хүнс болох өглөөний цай эсвэл хар ногоон өнгийн хүнсний ногоог идэж чадахгүй байвал төмөр нэмэлтээр хэрэгтэй байж болно. Гэхдээ ямар ч эм өгөхөөсөө өмнө эмчтэйгээ зөвлөөрэй.

Гэвч эмч зөвлөсөн зөвлөөгүй, нэмэлт Д витаминыг заавал ууж байх ёстой шүү. Д витамин нь яс нөхөн төлжүүлдэг кальц, фосфотыг биенд уусгаж авахад тус болдог байна. Нарны хамгаалалттай тос нь нарны гэрлийг Д витаминыг боловсруулахад саал болдог бөгөөд уг хэрэгтэй витаминыг ганцхан сүүнээс авахад хэцүү байдаг. Тиймээс эмч нар хүүхдэд өдөрт 400 IU өгөхийг зөвлөдөг байна. Зарим ээж нар хүүхдэдээ 1000-тайг өгөөд байгаа нь миний санааг зовоодог юм. 1000 бол том хүний доз гэдгийг эмч нараас сонсож байсан юм. Ихэнх мултивитамин нь Д витамин агуулсан байдаг бөгөөд хэрэв мултивитамин өгч байгаа бол нэмэлтээр Д өгч хэрэггүй шүү.

2015-02-11

Анхных биш ч анхных байх ёстой пост

Би гэдэг хүн гучин гаран насандаа анхныхаа хүүхдийг гаргана даа гэж бодож явж байгаад 26 насандаа маамуулах болов оо. Анхны үр минь болохоор туршлага битий  хэл төсөөлөл ч байхгүй шүү дээ. Харин оюутан байхдаа анх удаа ганц хоёр жил хамаатныхаа шууд гурвын гурван хүүхдийг харж, за бас жаахан төсөөлөл авсын байнаа байна. Бодоод байхад тэр нь ч их тус болсон шүү.


Ингээд анхных болохоор, бас жаахан хэлтэй устай аятай юм болохоор жаахан асуудал гарангуут л гүүгл ахаасаа  гүүглэдэж өгнө шүү дээ. Охиндоо зориулж би бас жичид нь блог хөтөлдөг юм. Түүнийгээ анх бичэе гэж бодож байхдаа мэдээллийн чанартай, монгол ээж нартаа зориулсан юм бичиж байхаар шийдэж байлаа. Гэтэл, хамгийн гол нь хүүхдийнхээ хувийн постыг нөгөө мэдээллийн чанартай постуудтай  холчих гээд замбараагүй юм болгочих гээд. Тэгээд энэ 2г ялгаж, тусад нь бичихээр шийдсэн нь энэ юм. Еээс, Ай мэйби хавь тү ор моор блогс хэхэ.

Уг блогны зорилго нь шинэхэн болон хол ч бай өөр ч бай төрсөн ээжүүдэд мэдээллийн чанартай байх зорилготой ба өөрсдийн туршлагаасаа солилцож байх үүднээс comment хэсгийг нээллтэй байхаар тохируулж өгсөн бөгөөд хамгийн чухал нь миний охин ирээдүйд ээж хүн болох нь тодорхой юм чинь охиндоо бас нэг мэдлэг үлдээе үү гэж бодсон юм л даа. Охиноо төрөөд ээж хүн болоход нь би гэдэг хүн хажууд нь мэлтийгээд байж чадлаа ч уу гү ч юу. Эсвэл бүр ой санамжаа ч алдцан байхын билүү хэн мэдлээ, хэхэ. Заза бүр со киноны драм болгох нь, ямар ч байсан хэрэг болох л байх, энэ бүгд. За тэгээд хэрэгтэй нэг нь өөртөө наана биз дээ. "Энэ нь та бүхний охин үрд, цаашлаад шинэ, хуучин аавууд ч бас туслана гэж найдаж байна."


ИНГЭЭД МИНИЙ БЛОГТ ТАВТАЙ МОРИЛ

Угаадаг живх

За нөгөө бараг л хүн болгон магтаад байсан угаадаг живхийг авч үзлээ. Зөвлөхөд дэмий л санагдлаа.

Гадуур америк угаадаг живх 30,000 гээд л, яджаахад сурталчилгаа, маркетинг нь сайн байсан шүү. J Улаанбаатар дэлгүүрт явж байгаад яг адилханыг нь харлаа. Хонг Конгоос ирсэн 17,000 гэхээр нь үнийн ялгаатай байхын, энэ нь муу юм байхдаа, юу ч гэсэн материалыг нь үзэе гээд барьж үзээд америк нь арай сайн байлгүй гэж бодоод аваагүй юм. Тэгсэн бөөн юм болж нөгөө америк угаадаг живхээ гэртээ хүргүүлсэн чинь өнөө Хонг Конг угаадаг живхнээс ялгагдах юм үнэндээ алга. Дээр нь байсан зураг нь л ялгаатай байсан байх. За тэгээд нэгэнт л гэртээ дуудаад ирүүлчихсэн юм чинь бантаад авсан даа. За яахав хэрэглээд үзье гээд хэрэглэтэл охин хүүхдэд лав дэмий санагдсан. Эрэгтэй хүүхдэд өөр байж магад. Одоохондоо эрэгтэй хүүхэд төрүүлээгүй, мэдэхгүй байна. Яваандаа мэдэх байлгүй дээ. J

Сөрөг зүйл нь:
  • Нэг шээх юмуу нэг баагаад л солихгүй бол бүр новь нойтон байдийн байна лээ. Нэг баахад солихгүй бол завааруулаад байлгалтай нь биш.
  • За тэгээд эмэгтэй хүүхэд болохоор шээхэд шээс нь хойшоо нуруугаар нь урсаад живхний ард байдаг нүхээр (запас, дотор даавууг нь солих зориулалттай онгорхой хэсэг) нь гараад хувцас норооский. (Эрэгтэй хүүхэд бол урдуураа норох болохоор арай гайгүй байж магадгүй гэж бодсон юм.) За тэгээд хэвтэх эсвэл унтаж байх юм бол ярилтгүй, өршөөлгүй норно шүү дээ.
  • Хүүхэд хүндэрсэн тохиолдолд угаадаг живхний гадна талын дотор хэсэг бохирддог тул ариун цэврийн хувьд таалагдаагүй. Ялангуяа эмэгтэй хүүхдэд, бэлэг эрхтэн нь амархан бохирдоно гэж санагдсан.
  • Нөгөө живхний тууралтаас хамгаалдаг тосоо түрхэх гэтэл угаадаг живх маань даавуу (яг ч даавуу биш, нилоонон, ус нэвтрүүлдэггүй материал) болохоор түрхэж чадахгүй байсан. Яахав даавуу юм чинь хэрэггүй гэж бодож байж болох ч өмнөх пост дээр дурдсанчлан  шээс бааснаас болж тууралт өгдөг болохоор хэрэглэмээр байсан ч  хэрэглэх боломжгүй байсан.
  • Мөн дор хаяж 2-оос дээш ширхэг гадна живх байхгүй бол шээж баах болгонд нь сольж байгаа болохоор байнга өмсгөнө гэсэн ойлголт байхгүй. Ер нь бол нэг шээхэд л дүүрээд халиад, хувцасыг нь норгоод ирнэ дээ.
Угаадаг тэр живхний оронд нэг уут памперсаа авдаг байж гэж боддог шүү.

Живхний тууралт/улаалт

Живхний тууралт, түүнийг таних

Жмвхний өмсгөлийн хэсгээр ихэвчлэн загнаатай улаан тууралт байна. Мөн тууралт нь цэврүүтсэн мэт хавдаж, хүрэхэд халуун байдаг. Хүндэрсэн тохиолдолд зарим үед идээтэй болж болох ба ихэвчлэн хүүхдэд зовиур өгч хүрэхийн төдийд хорссоны улмаас хүүхэл уйлна. Мөн хүндрэхдээ живхний эргэн тойронд буюу гуя, гэдэс гэсгээр үсэрхийлж гардаг байна.

Шалтгаан

Живхний тууралт гарах хэд хэдэн шалтгаан байдаг.
1.       Чийгтэй байлгах хамгийн сайн чанарын гэгддэг живх хүртэл тодорхой хэмжээний чийгшилийг хүүхдийн өгзгөнд үлдээдэг бөгөөд норсон живхийг солихгүй удааснаас болж эсвэл шээс нь өтгөний нянтай холилдож аммониа гэгч хортой бодисийг ялгаруулснаас болж үүснэ. Өдөр тутмын амьдралд живхийг солихгүй удааснаас болж үүсдэг бол суулгаж, өтгөнөөр шингэнээр алдаж байгаа хүүхдэд живхний тууралт үүсэхдээ амархан байдаг;
2.       Эмзэг арьс – хүүхэд өөрөө эмзэг буюу хэт мэдрэг арьстай байх;
3.       Удамшил – аав  ээж, эмээ өвөө гэх мэт удамшилийн шинжтэй байж болно;
4.       Харшил – хүүхдийн арьсанд шууд өмсгөж байгаа хувцас болон угаадаг живхийг харшил өгөх нунтагаар угаасан болон хэрэглэж буй тос, цацлага гэх мэт;
5.       Хоол хүнс – зарим тохиолдолд бор хоолонд орж байгаа хүүхдэд шинэ хоол хүнсний өөрчлөлт нь өтгөний бүтцийг өөрчилж энэ нь живхний тууралт үүсгэх нөхцөл болдог байна. Гүзээлзгэнэ, жүүсэнд агуулагдаж буй хүслэг нь зарим хүүхдэд харшил өгдөг байна.  Ялангуяа, урд хөршөөс жимс, ногооны бүтээгдэхүүнээ татдаг манай улсын хувьд эдгээр болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй юм.
6.       Антибиотик – Антибиотик нь хортой нянг устгахаас гадна гэдсэн дэх ашигтай бактерийг устгадаг тул суулгалт өвчний эх үүсвэр болдог бөгөөд энэ нь живхний тууралтыг үүсгэнэ.
7.       Халдвар – живхний хэсгээр байнга чийглэг дулаахан байдаг тул энэ нь бактер, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл болдог бөгөөд энэ нь живхний тууралтыг үүсгэдэг. Ялангуяа цавь, гуяны нугалаа гэсэн нуугдмал хэсгүүдээр анхаарч байх хэрэгтэй.

Эмчилгээ
  1. Юуны түрүүнд живхийг удаалгүй байнга сольж байх хэрэгтэй. Мэдээж үнэ өртөг ихтэй байдаг тул цааргалж байж болох ч хүндэрвэл түүнээс илүү зарлага, хүч хөдөлмөр хэрэгтэй болно шүү. Мөн хүүхэд чинь тийм ч удаан живхийг өмсөөд байхгүй. Дээд тал нь 2 хүргээд живхнээс гаргахыг бодоорой.
  2.  Живхийг солих бүртээ үнэргүй, архины хольцгүй савангаар угааж байгаарай. Миний хувьд залхуурад солих бүртээ америк Kirkland брэндийн үнэр амтгүй нойтон сальфетикаар арчиж цэвэрлэдэг. Харин тууралт  өгөх гээд улаан болж эхлэхэд нь хүүхдийн шингэн савангаар угаадаг бөгөөд байнга живхийг сольж зүгээр болгодог.
  3. Хуурай байлга. Гэхдээ үрж болохгүй.
  4. За хамгийн гол зүйл нь ХАМГААЛАХ. Би живх солих бүртээ Desitin тосыг түрхдэг бөгөөд манай охин гэдэс нь өвдөж суулгаж байхдаа л нийлээн тууралт гарч хорсож байснаас бол desitin тос маш сайн хамгаалж чаддаг. Desitin тосыг түрхчихээд би живхээ бараг нилээн удаан өмсгөчихдөг шүү J Америк барааны дэлгүүрт 20,000 эсвэл 25,000 гээд зардаг. Тууралт гарсан ч гэсэн энэ тос нь эдгээх зориулалттай тос юм. Тус болох болов уу гээд зургийг нь орууллаа.
  5. Аль болох живх өмсгөхгүй байлгахыг хичээх хэрэгтэй. (Гэхдээ би чаддаггүй юм л даа. Охин маань ойр ойрхон шээдэг болохоор.) Гэртээ болон халуун зуны цагт лагер дээрээ шалдан байлгаж байх нь нэгт агаар нэвтрүүлнэ, хоёрт бие нь амарна.

Охиноо төрснөөс нь хойш Desitin тосыг хэрэглэж байна. Одоо ой гарантай ч одоо ч бас хэрэглэдэг. Харин суулгаж байхад нь байнга угааж аль болох живх өмсгөхгүй байхыг хичээж байсан. Гэхдээ суулгаж байгаа болохоор байнга л шингэн алдааж байсан тул шингэн алдах тутамд бөгсийг нь угааж хатаагаад тосоо түрхээд живхээ өмгөж байсан.

За ингээд жаахан ч гэсэн тус болсон гэж найдъя.

Update 2015.04.03. Нэмж хэлэхэд япон өмсдөг болон наадаг 2 төрлийн живхийг хэрэглэж үзлээ. Харшил өгөөд ёстой өмнө нь гарч байгаагүй тууралтууд гарлаа даа. Буцаад хэрэглэж байсан англи памперсаа л хэрэглэе дээ. Хямд ч юм чанартай ч юм даа.

2014-09-10

Суулгалт

Хүүхэд өвчин тусах хамгийн аймар юм байдаг юм байна. Ялангуяа сар гаран суулгасан, баахан үр дүнгүй олон эмчилгээ, эм тариа хийлгээд ч нэмэр байхгүй бол сүүлдээ бүр яах ч учраа олохоо байдаг юм билээ. Гэхдээ одоо миний охин арай дээрдэж байна. Хөөрхөн годгор баасууд ойрын хэд хоногоос баалаа.
Хамгийн анх охиныхоо бантанг баяжуулж байна гээд өндөг хийхдээ санамсаргүй жаахан удчихсаныг нь хийснээс болоод тэрнээсээ хордлого авсан. Хордлогонд linex болон цайр хоёр хоног уугаад яг сайхан болсны маргаашаас нь халуурч эхэлсэн. Өрхийнхөө эмнэлэгт үзүүлж зөндөө эм, антибиотик хэрэглэсэн. Халуун нь буухгүй болохоор түргэн ч дуудаж үзлээ. Харин ч буруу зөв 7-8 эм, антибиотик хэрэглэснээс болоод сүүлдээ тэрнээсээ харшлаад биеэр нь юм туурч эхлээд бид хоёр яаралтай харъяа дүүргийнхээ эмнэлэгт хэвтлээ дээ. Дүүргийн эмнэлгийн үйлчилгээ гэж авах юм алга. Эмч, сувилагч, асрагч гээд дээрээсээ доошоо, доороосоо дээш үнэхээр харьцааны соёлгүй, үйлчилгээний газар гэж хэлэхээргүй байсан. Охиноо бодоод л хэрүүл хийхээ тэвчээд  байлаа. Охины минь хордлогыг л тайлснаас биш гүйлгэлт нь яг таг зүгээр болоогүй ч бид хоёрыг долоо хоногийн дараа гаргалаа. Нөгөө суулгалт үргэлжилсээр. Би ч сүүлдээ ямар эмчид хандаж ямар эмчид нь итгэхээ мэдэхээ байлаа. Эцсийн найдвар гээд Навчаа эмч дээр очтол "Ийм жин нэмэхгүй, бас удаан суулгаж байгаа бол үнэхээр санаа зовоолгож байна. Энэ маш том асуудал шүү" гээд бид хоёрыг копограмм болон баасны эмгэг үүсгэгч нянгийн шинжилгээ гэсэн хоёр төрлийн шинжилгээ өгөөд аваад ир гэлээ. Эдгээр шинжилгээнээс яг юунаас болоод байгааг илгүүлдэг гэнэ. Юуг идээд шингээж чадаж байна, юуг чадахгүй байна, ямар нэгэн нян байна уу гэж хардаг юм байна. Копограммыг нь Навчаа эмчийн хэлсэн хоёр ч эмнэлэгт авдаггүй гэлээ. Сүүлдээ ээж маань эх нялхасын танидаг хүнээс гуйн байж шинжилгээг авахуулахаар боллоо. Нөгөө шинжилгээг харин хаана ч авдаг гэхээр нь эх нялхас болон халдварт дээр өгсөн.
Шинжилгээний хариуг гарахад нь Навчаа эмчид авч очлоо. Баасны эмгэг үүсэгч нянгийн 2 шинжилгээгээр юу ч илрээгүй ба копограммаар өөх тос(+++), ургамлын ислэг (++) гэж гарсан байв. Тэгэхээр өөх тосыг их хэмжээгээр, ногоог арай бага хэмжээгээр боловсруулж чадахгүй байна гэсэн үг юм байна. Тиймээс бид хоёрыг өөх тос идэхийг хориглож идэж уусан хоол, гарц буюу баасны тэмдэглэгээ хий гэсний дагуу одоо хийж байгаа. Гэхдээ энэ нь өөх тос боловсруулах эрхтэн систем нь асуудалтай гэсэн үг биш харин гүйцэт боловсроогүй байх өндөр магадлалтай байдаг гэнэ. Ихэвчлэн өөх тосыг нойр булчирхай, цөс боловсруулдаг ба эдгээр эрхтэнгүүд 7 сартай хүүхдэд бүрэн боловсроогүй байдаг гэж дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.
Одоо харин ямар ч өөх тостой зүйл өгөхгүй байгаа бөгөөд нэг хоёр хоногийн өмнөөс охины минь өтгөн буцаад хэвийн байдалдаа орж байгаа нь ажиглагдаж байна. Цаг хугацаа эмчилэв үү, Навчаа эмч үнэхээр зөв оношилсон уу ямартай ч миний охин эргээд зүгээр болж байгаад их баяртай байна.
Хүүхэд удаан суулгаж, гүйлгээд ирэхээрээ жингээ маш хурдан алддаг юм байна. Жин муутай байсныг хэлэх үү, охины минь овоо хөөрхөн бондойж байсан биенийх нь жин дороо л багасаад ирдэг юм байна лээ. Тэгэхээр хүүхдээ аль болох өвтгөхгүй байхыг хичэх хэрэгтэй шүү.
Үүнээс сургамж авсан зүйл маань гэвэл, жаахан хүүхдэд өндөг өгөхдөө болгоомжтой байх, шинийг нь сонгож өгч байх, өрх дүүргийн эмнэлэг, эмч нарт найдах нь битгий хэл үзүүлээд ч хэрэггүй, хүүхдийн хооллолт дээр маш сайн анхаарал тавих гэх мэт туршлагыг олж авлаа даа, in a hard way.
Иймэрхүү гүйлгэдэг ханиад гадуур их байна гэж байгаа ч бид хэд уул нь лагерт байсан юм. Яг яагаад ингэж халуурч гүйлгэж байсныг сайн мэдэхгүй. Ямартаа ч үргэлж болгоомтой байх хэрэгтэй юм байна.

2014-03-25

Нярайн хүй

Нярайг төрсний дарааг хүйг эхээс салгаад жижиг хавчаараар хавчих ба уг хавчаарыг нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор эмч авсан байна. Хүй бүрэн хатаж унахыг хүй цөглөх гэдэг бөгөөд хүйг өөрөө хурдан цөглөхөд түүнийг хуурай байлгах нь чухал ба энэ нь хүй цөглөх үйл явцыг түргэсгэнэ. Хүйг хангалттай хуурай байлгаагүйгээс заримдаа хүй үнэр орох эсвэл идээ гарч ирдэг байна. Энэ үед хүйг 0%ийн спиртээр хөнгөн ганц хоёр удаа дарж ариутгаж өгөх бөгөөд үүний дараа аль болох хуурай байлгана. Ингээд хангалттай хуурай байсан хүү 7-14 хоногийн дотор өөрөө цөглөдөг ба Монголчууд хүүхдийннхээ цөглөсөн хүйг хадгалсаар иржээ.