2014-09-10

Суулгалт

Хүүхэд өвчин тусах хамгийн аймар юм байдаг юм байна. Ялангуяа сар гаран суулгасан, баахан үр дүнгүй олон эмчилгээ, эм тариа хийлгээд ч нэмэр байхгүй бол сүүлдээ бүр яах ч учраа олохоо байдаг юм билээ. Гэхдээ одоо миний охин арай дээрдэж байна. Хөөрхөн годгор баасууд ойрын хэд хоногоос баалаа.
Хамгийн анх охиныхоо бантанг баяжуулж байна гээд өндөг хийхдээ санамсаргүй жаахан удчихсаныг нь хийснээс болоод тэрнээсээ хордлого авсан. Хордлогонд linex болон цайр хоёр хоног уугаад яг сайхан болсны маргаашаас нь халуурч эхэлсэн. Өрхийнхөө эмнэлэгт үзүүлж зөндөө эм, антибиотик хэрэглэсэн. Халуун нь буухгүй болохоор түргэн ч дуудаж үзлээ. Харин ч буруу зөв 7-8 эм, антибиотик хэрэглэснээс болоод сүүлдээ тэрнээсээ харшлаад биеэр нь юм туурч эхлээд бид хоёр яаралтай харъяа дүүргийнхээ эмнэлэгт хэвтлээ дээ. Дүүргийн эмнэлгийн үйлчилгээ гэж авах юм алга. Эмч, сувилагч, асрагч гээд дээрээсээ доошоо, доороосоо дээш үнэхээр харьцааны соёлгүй, үйлчилгээний газар гэж хэлэхээргүй байсан. Охиноо бодоод л хэрүүл хийхээ тэвчээд  байлаа. Охины минь хордлогыг л тайлснаас биш гүйлгэлт нь яг таг зүгээр болоогүй ч бид хоёрыг долоо хоногийн дараа гаргалаа. Нөгөө суулгалт үргэлжилсээр. Би ч сүүлдээ ямар эмчид хандаж ямар эмчид нь итгэхээ мэдэхээ байлаа. Эцсийн найдвар гээд Навчаа эмч дээр очтол "Ийм жин нэмэхгүй, бас удаан суулгаж байгаа бол үнэхээр санаа зовоолгож байна. Энэ маш том асуудал шүү" гээд бид хоёрыг копограмм болон баасны эмгэг үүсгэгч нянгийн шинжилгээ гэсэн хоёр төрлийн шинжилгээ өгөөд аваад ир гэлээ. Эдгээр шинжилгээнээс яг юунаас болоод байгааг илгүүлдэг гэнэ. Юуг идээд шингээж чадаж байна, юуг чадахгүй байна, ямар нэгэн нян байна уу гэж хардаг юм байна. Копограммыг нь Навчаа эмчийн хэлсэн хоёр ч эмнэлэгт авдаггүй гэлээ. Сүүлдээ ээж маань эх нялхасын танидаг хүнээс гуйн байж шинжилгээг авахуулахаар боллоо. Нөгөө шинжилгээг харин хаана ч авдаг гэхээр нь эх нялхас болон халдварт дээр өгсөн.
Шинжилгээний хариуг гарахад нь Навчаа эмчид авч очлоо. Баасны эмгэг үүсэгч нянгийн 2 шинжилгээгээр юу ч илрээгүй ба копограммаар өөх тос(+++), ургамлын ислэг (++) гэж гарсан байв. Тэгэхээр өөх тосыг их хэмжээгээр, ногоог арай бага хэмжээгээр боловсруулж чадахгүй байна гэсэн үг юм байна. Тиймээс бид хоёрыг өөх тос идэхийг хориглож идэж уусан хоол, гарц буюу баасны тэмдэглэгээ хий гэсний дагуу одоо хийж байгаа. Гэхдээ энэ нь өөх тос боловсруулах эрхтэн систем нь асуудалтай гэсэн үг биш харин гүйцэт боловсроогүй байх өндөр магадлалтай байдаг гэнэ. Ихэвчлэн өөх тосыг нойр булчирхай, цөс боловсруулдаг ба эдгээр эрхтэнгүүд 7 сартай хүүхдэд бүрэн боловсроогүй байдаг гэж дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.
Одоо харин ямар ч өөх тостой зүйл өгөхгүй байгаа бөгөөд нэг хоёр хоногийн өмнөөс охины минь өтгөн буцаад хэвийн байдалдаа орж байгаа нь ажиглагдаж байна. Цаг хугацаа эмчилэв үү, Навчаа эмч үнэхээр зөв оношилсон уу ямартай ч миний охин эргээд зүгээр болж байгаад их баяртай байна.
Хүүхэд удаан суулгаж, гүйлгээд ирэхээрээ жингээ маш хурдан алддаг юм байна. Жин муутай байсныг хэлэх үү, охины минь овоо хөөрхөн бондойж байсан биенийх нь жин дороо л багасаад ирдэг юм байна лээ. Тэгэхээр хүүхдээ аль болох өвтгөхгүй байхыг хичэх хэрэгтэй шүү.
Үүнээс сургамж авсан зүйл маань гэвэл, жаахан хүүхдэд өндөг өгөхдөө болгоомжтой байх, шинийг нь сонгож өгч байх, өрх дүүргийн эмнэлэг, эмч нарт найдах нь битгий хэл үзүүлээд ч хэрэггүй, хүүхдийн хооллолт дээр маш сайн анхаарал тавих гэх мэт туршлагыг олж авлаа даа, in a hard way.
Иймэрхүү гүйлгэдэг ханиад гадуур их байна гэж байгаа ч бид хэд уул нь лагерт байсан юм. Яг яагаад ингэж халуурч гүйлгэж байсныг сайн мэдэхгүй. Ямартаа ч үргэлж болгоомтой байх хэрэгтэй юм байна.

2014-03-25

Нярайн хүй

Нярайг төрсний дарааг хүйг эхээс салгаад жижиг хавчаараар хавчих ба уг хавчаарыг нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор эмч авсан байна. Хүй бүрэн хатаж унахыг хүй цөглөх гэдэг бөгөөд хүйг өөрөө хурдан цөглөхөд түүнийг хуурай байлгах нь чухал ба энэ нь хүй цөглөх үйл явцыг түргэсгэнэ. Хүйг хангалттай хуурай байлгаагүйгээс заримдаа хүй үнэр орох эсвэл идээ гарч ирдэг байна. Энэ үед хүйг 0%ийн спиртээр хөнгөн ганц хоёр удаа дарж ариутгаж өгөх бөгөөд үүний дараа аль болох хуурай байлгана. Ингээд хангалттай хуурай байсан хүү 7-14 хоногийн дотор өөрөө цөглөдөг ба Монголчууд хүүхдийннхээ цөглөсөн хүйг хадгалсаар иржээ.

Нярайн тууралт

Эхийн хэвлийгээс гараад хорвоо дэлхийд мэндлэхэд нярайд маш олон өөрчлөлт, дасан зохицол явагддаг. Эдгээр өөрчлөлтийн нэг, хамгийн түгээмэл нь тууралт, тэр дундаа халууны тууралт юм. Энэ нь улаан тууралт байх ба үүн дээр жижиг батга шиг юм гарсан байж болно.
Шалтгаан:
1. Төрсний дараа нярайг жиндэж даарах вий гэснээс хэт их бэгнэх,
2. Төрсний дараа эхийн алга их хөлөрдөг болдог ба бохир, хөлстэй гараар нярайг барих, тэврэх,
3. Гаднах тоос шороо, бохирдол ихтэй орчин
Хүндрэх:
1. Жижиг батга шиг байсан тууралтууд идээтэй болж хувирах ба өдөр ирэх тусам уг идээнүүд нь томорох бөгөөд Монголд уг идээг 10-аас дээш болсон тохиолдолд хүндэрсэн гэж үзэх бөгөөд эмчид яаралтай хандах хэрэгтэй гэж үздэг.
2. Илүү их хүндэрсэн идээ нь нярайг халууруулдаг байна.
Эмчилгээ: (доорх аргуудыг хэрэглэж охиноо эдгээлээ.)
1. Нярайг хэт их халууцуулж бэгнэхгүй байх. Орчны дулаанаас хамаарч ихэвчлэн эхийн өмсөж байгаатай ижил эсвэл нэг давхараар илүү хувцас өмсүүлэх нь тохиромжтой.
2. Эх байнга буюу нярайд хүрэх болгондоо буюу хүрэхээс өмнө гарыг сайтар савандаж угаах
3. Орчинг цэвэр, байнгын чийгтэй цэвэрлэгээ хийх
4. Өдөр бүр нярайг цэвэр усанд оруулах. Саванг 7 хоногтоо 1-2 удаа хэрэглэж болно. Илүү хэрэггүй шүү. (Нярайг усанд оруулах тухай дэлгэрэнгүйг эндээс уншина уу)
5. Идээ үүссэн тохиолдолд уг идээг марганцаар цэвэрлээд цэнхэр уусмалыг түрхэнэ. Уг цэнхэр уусмал нь идээг хатаах үйлчилгээтэй. Уусмалаа бэлдэхдээ усаа өнгө оруулах төдийг хийгээрэй.

Нярайн шарлалт

Нярай хүүхдэд төрсний дараах физилогийн шарлалт явагддаг байдаг ба энэ нь ихэвчлэн төрсний дараах 2-3 дахь өдрөөс эхлэн 7-14 хоногт үргэлжлээд өөрөө арилсан байх ёстой. Уг шарлалт нь хүүхдийн нүүрнээс эхлэн нүд, бие, гар, хөл рүү нь үргэлжлээд, арилахдаа эсрэг дарааллаар арилдаг байна. Энэ үед эхийн сүүнээс сайн эм байхгүй ба ойр ойрхон сайн хөхүүлэхэд шарлалт эрс багасна.

Шарлалтын шалтгаан:
Нярайн уушиг билирон гэдэг бодисыг хангалттай шүүж чадахгүйгээс. Энэ нь хэсэг хугацааны дараа буюу орчиндоо дассаны дараа арилж байгаа нь тэр.

Хүндэрсэн шарлалтыг нярайн цусны шинжилгээгээр тогтоох ба дараах тохиолдлуудад шарлалтыг хүндэрсэнд тооцно:
1. Гарын алга болон хөлийн ул шарласан байх
2. 14 хоногоос дээш хугацаагаар нярайн шарлалт явагдах

Нярайн шарлалт хүндэрсэн тохиолдолд нярайд гарч болзошгүй сөрөг үр дүнгүүд:
1. Тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах

Эмчилгээ:
Шарлалтыг эмчлэх үр дүнтэй аргууд:
1. Шингэн сайн уулгах буюу хөхөөр ойр ойрхон, сайн хооллох,
2. Нарны гэрэл болон болон гэрийн чийдэнгийн гэрэлд нярайн биеийг ил гаргах
3. Хүндэрсэн тохиолдолд гэрлэн эмчилгээ хийлгэх нь хамгийн түгээмэл, үр дүнтэй эмчилгээ юм. Эм ууж болохгүй.

Манай хүүхдийн шарлалт 21 орчим хоног үргэлжилсэн бөгөөд ингэж удаан явагдах тохиолдол бас байдаг байна. Хамгийн гол нь шарлалт бага багаар ч болсон арилж байх хэрэгтэй. Хүүхдийн маань шарлалт маш аажуухан багасаж байсан учир эмчилгээ хийлгээгүй юм.